Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар иргэний болон захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцож, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг.

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/28 дугаартай тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын Газар, түүний харьяа прокурорын газруудын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дотор “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба”-ыг бий болгосон.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэсэн зохицуулалттай холбоотойгоор тус алба нь хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой.

 Прокурор хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага албан тушаалтнаас холбогдох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан авах эрхтэй.